УС, РАШААН АШИГЛАЛТ БОЛОН УСАН САН БҮХИЙ ГАЗАР, ХҮН АМЫН УНДНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Салбарын хяналтын 2025 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/07 дугаартай удирдамжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын Ус, рашаан ашиглалт болон усан сан бүхий газар, хүн амын онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажилласан.
Хяналт шалгалтад нийт 514 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд шалгалтын явцад байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, ус, рашаан ашиглах, дүгнэлт зөвшөөрөлгүй 243 зөрчил дутагдал илрүүллээ.
Илэрсэн зөрчлийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 386 заалт бүхий 88 улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулан, усыг зохих зөвшөөрөл, гэрээгүй ашигласан, хуульд заасан ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй иргэн аж ахуйн нэгжүүдэд 331,050.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч,1,636,451.4 мянган төгрөгийн усны нөөцөд учруулсан хохирол, нөхөн төлбөр төлбөрийг ноогдуулсан.