БАЯНГОЛ, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5000 ОРЧИМ ӨРХ ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ХАЛААГУУР АШИГЛАЖ БАЙНА
Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд айл өрх, аж ахуй нэгж, байгууллын зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх төсөл, түүний хэрэгжилттэй танилцлаа.
2025-2026 оны халаалтын улиралд БГД, ЧД-ийн нийт 5,000 айлыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлсэн. Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон албаны бусад төлөөллийн хамт Чингэлтэй болон Баянгол дүүргийн 5 байршилд ажиллалаа.
Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн. Хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн нийт 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байна. Тодруулбал Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4128 өрх хийн халаалтыг хэрэглээндээ нэвтрүүлсэн.
Монгол инженерүүдийн шийдлээр хөгжүүлсэн шингэрүүлсэн хийн зуух нь:
NFPA олон улсын стандарт хангасан
Хий алдагдлаас хамгаалах олон шатлалт хамгаалалттай
Аюулгүй ажиллагааны өндөр түвшинтэй
Ашиглахад хялбар
Агаар чийгшүүлэгч усны тавцантай
Мөн Нийслэлийн хэмжээнд нүүрсэн галлагаатай 69 усан халаалтын зуухыг шингэрүүлсэн хийнд шилжүүлэх шаардлагатай.
2026 онд 8 зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Тухайлбал, Ерөнхий боловсролын 117 дугаар сургууль хийн халаалтад бүрэн шилжүүлсэн. Энэ нь гэр хороолол дахь 1,000 гаруй янданг буулгасантай дүйцэх үр нөлөөтэй.
Сургуулийн нүүрсэн зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтаар шийдсэнээр орон тоо буурч, ашиглалт ахуйн зардал хэмнэх боломж бүрдсэн. Өмнө нь 8 орон тоо ажиллаж байсан бол хийн халаалтад шилжсэнээр автоматжуулсан учир ганц хүн ажиллуулдаг болжээ. Мөн орчны бохирдол буурч, хүүхдүүдийн сурах орчинд эерэг нөлөө гарч байгааг сургуулийн удирдлага танилцууллаа.