БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР “БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ”-ИЙН /WCS/ ЗАХИРАЛ ЖАСТИН ШАНТИ ТЭРГҮҮТЭЙ ЭРДЭМТЭН, СУДЛААЧИДТАЙ УУЛЗЛАА
“Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” /WCS/ нь АНУ-д төвтэй, дэлхийн 60 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг ба Монгол дахь төлөөлөгчийн газар нь 2003 онд байгуулагдаж өдгөө 23 дахь жилдээ ажиллаж байна.
Уулзалтын эхэнд "Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг”-ийн /WCS/ захирал Жастин Шанти говь, хээр, хангайн бүс болон баруун чиглэлд тархан нутагшиж байгаа бөхөн, цагаан зээр, цоохор ирвэс, хулан, хар сүүлт зээр зэрэг бүхий л төрлийн зэрлэг амьтан, байгаль орчны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулах 30 гаруй эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажиллаж, шинжлэх ухааны судалгаа мэдээлэлд тулгуурлан иргэний нийгмийнхэн, иргэдийг мэдээллээр хангах, БОУАӨЯ, нутгийн захиргаадад бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа талаараа дурьдлаа.
Мөн амьтны зүйлийг зөвхөн судлаад өнгөрөх бус амьдрах орчин, байгаль хамгаалал, орон нутгийн онцлог, нутгийн иргэдийн түвшинд судлаж тогтоох нь бидний зорилго. Зөвхөн Монгол улсын хэмжээнд судалгаа мэдээлэл бүрдүүлээд зогсохгүй ОУ-д судалгааны мэдээлэл түгээдэг . Одоогоор байгаль хамгаалах чиглэлд технологид суурилсан шинэ шийдэл дэвшүүлэхэд төвлөрч байгаа бөгөөд зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх орчны стандартыг сайжруулах тухай зөвлөмж бэлтгэхээр ажиллаж байна. Мөн амьтдыг хил дамнуулан худалдаалах буюу нутагшуулах чиглэлд шинжлэх ухааны судалгаанд үндэслэж бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ онцлов.
Харин БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ОУ-ын төсөл хөтөлбөрийн хүрээнд, бодлогын хүрээнд арвин туршлагатай, шинжлэх ухаанч хамт олонтой хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд алдаа, дутагдалтай асуудлуудад ахиц дэвшил эрэлхийлж ажиллахаа онцлов. Түүнчлэн амьдрах чадвар нь эмзэгшиж байгаа бөхөнг хамгаалах чиглэлд хамтран ажиллахыг хүсээд ирэх онд Монгол улсад зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал /COP17/-д 130 жилийн түүхтэй “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг”-ийн туршлага хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.