“ШИНЖЛЭХ УХААН – БОДЛОГО” ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2025.09.05

“Мор стэп – Нүүдэл, шилжилт хөдөлгөөний эрсдэлд: монгол орны тал хээрийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалах” төслийн “Шинжлэх ухаан – бодлого” талуудын уулзалт өнөөдөр болж байна.

Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Нийгэм-Экологийн судалгааны хүрээлэн, Зенкенбергийн байгаль судлалын нийгэмлэг, Нүүдэлч малчдын судалгааны төв болон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, Дэлхийн байгаль хамгаалах сан, Монголын төмөр зам ТӨХК, Хустайн байгалийн цогцолборт газрын төлөөллүүд оролцлоо.

“Шинжлэх ухаан – бодлого” талуудын уулзалтыг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нээж, хэлсэн үгэндээ "МОР СТЭП – Нүүдэл, шилжилт хөдөлгөөний эрсдэлд: Монгол орны тал хээрийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалах нь” төсөл нь нийгмийн болон байгалийн шинжлэх ухааныг уялдуулсан, бидэнд тулгарч буй сорилт, эрсдэлүүдийг эртнээс урьдчилан тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцоллоо. Мөн зэрлэг амьтдын нүүдэл, малчдын уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, түүнд нийгэм, эдийн засгийн хөгжил хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан судалж, уялдаа холбоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан нь энэхүү төслийн онцлог, чухал үр дүн болсныг цохон тэмдэглэн хэллээ.

Төгсгөлд нь энэхүү төслийг санхүүжүүлсэн Холбооны бүгд найрамдах Герман Улсын Судалгаа, технологи ба сансар судлалын яаманд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэв.

“Шинжлэх ухаан – бодлого” талуудын уулзалт Амьтдын нүүдлийг дэлхийн байгаль хамгааллын тогтолцоонд уялдуулах, Хээрийн экосистемпд гарч буй өөрчлөлтүүд, нүүдлийг хадгалах хамгаалах зэрэг илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилж байна.