Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хамтран зохион байгуулагчаар оролцож буй “Дулаан байшин” нээлттэй өдөрлөг өнөөдөр /2025.05.04/ Сүхбаатарын талбайд нээгдлээ.
Нээлтийн арга хэмжээнд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, ХББОС-ын сайд Ж.Батсуурь, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар оролцов.
БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны С.Одонтуяа “Үндэсний хороо байгуулагдаад дөрвөн сар болж байна. Маш идэвхтэй ажиллаж байгаа. Манай Үндэсний хороо яамдын уялдаа холбоог хангах гол үүрэгтэй.
Болж байгаа ажлуудаас гадна ойрын үед шийдвэрлэх шаардлагатай нэг зүйлийг онцлон хэлье. Аж ахуйн нэгжүүд сайн ажиллаж байна, иргэдэд ч дулаалах эрмэлзлэл байна. Гагцхүү банкны зээлийн хүү маш өндөр байгааг олон иргэн, ААН-үүдийн төлөөлөл хэлж байна. Жилийн 13 хувийн хүү гэдэг бол бусад оронд ногоон биш арилжааны зээлд тооцогдоно. Ийм өндөр хүүтэй зээлээр агаарын бохирдлыг бууруулах дорвитой алхам хийж чадахгүйг сая олон иргэн, ААН-тэй уулзаад мэдэрлээ. Тиймээс өнөөдрийн энэ өдөрлөгөөс үүдэн Ногоон зээлийн хүүг бууруулж, иргэн, ААН-үүдэд боломж олгох асуудлыг Засгийн газар нэн тэрүүнд шийдэх шаардлагатайг харлаа. Үүнийг шийдэж чадвал ААН-үүд төрийн оролцоогүйгээр хамгийн сүүлийн үеийн технологийг оруулж ирээд, худалдан авагчаа олж байна.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо ААН-үүдэд түүхий нүүрснээс татгалзах саналыг хүргүүлж, ААН-үүд ч дэмжиж байна. Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллагууд бүгд түүхий нүүрснээс татгалзсан. Одоо Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагуудыг нүүрс түлдэггүй болгох ажил руу ороод явж байна” хэмээн хэлж, агаарын бохирдлыг бууруулахын төлөө УИХ, Засгийн газар, ААН, айл өрх, иргэн бүр хамтран ажиллахыг уриаллаа.
“Дулаан байшин” нээлттэй өдөрлөгөөс сэргээгдэх эрчим хүч, хийн түлш, цахилгааны олон төрлийн халаагуур, шалны халаалт, блок, дулаалга, ариун цэврийн байгууламж, амины орон сууцны шийдэл зэрэг барилга байгууламжид шаардлагатай бүх тоног төхөөрөмж, бараа материал, зөвлөгөө мэдээллийг авч болно. Мөн Төрийн банк, Хас банк, Худалдааны хөгжлийн банкны ногоон зээлийн судалгааг ч хийлгэх боломжтой.
Энэ сарын 07-ны дуустал Сүхбаатарын талбайд үргэлжлэх "Дулаан байшин" өдөрлөгт хүрэлцэн ирж, гэр, байшингийн дулаалга болон халаалтын орчин үеийн шийдлүүдтэй танилцахыг урьж байна.