Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахаар аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-г 2025.02.17-ны өдөр байгуулсан.
Тус гэрээг байгуулсан компаниудын нэг болох “Саусгоби сэндс” ХХК-ийн удирдлагуудтай өнөөдөр /2025.07.30/ албан уулзалт хийлээ.
Уулзалтад Ажлын албаны дарга С.Даваасүрэн, ахлах мэргэжилтэн С.Төмөрбат, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх, мэргэжилтэн А.Даваадорж, “Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч Шү Жиншен, Санхүүгийн захирал Д.Нацагдорж нар оролцов.
Ажлын албаны дарга С.Даваасүрэн 2025-2026 оны халаалтын улирлаас эхлэн уурын болон усан халаалтын зуух эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд түүхий нүүрс, мидлинг нийлүүлэхгүй, хийн түлш болон технологийн бусад шийдэлд шилжүүлэхээр тооцоо судалгаа хийж, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгааг танилцуулав. Энэ хүрээнд “Саусгоби сэндс” ХХК-ийн татвар ногдох орлогын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт усан халаалтын зуух шинэчлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.
БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн Үндэсний хороо, БОУАӨЯ-ны ажил биш бөгөөд Засгийн газар, цаашлаад Ерөнхийлөгчийн түвшинд хийгдэж байгаа ажил. Халаалтын улирал дөхөж, цаг хугацаа давчуу байгаа энэ үед талууд гэрээний үүргээ хэрэгжүүлж, ажлаа нэн яаралтай эхлүүлэх шаардлагатайг дуулгалаа.
Санхүүгийн захирал Д.Нацагдорж “Саусгоби сэндс” ХХК нь Монгол Улсын аж ахуйн нэгжийн хувьд хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж, дэд төвүүдийн халаалтын зуухны судалгаа тооцоо, санхүүжилтийн графикийн талаар нарийвчилсан мэдээллийг дахин авч, шийдвэрээ эргэн танилцуулахаар тохиролцов.