БОРОО ГОУЛД ХХК-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР НИЙСЛЭЛИЙН ХОЁР СУРГУУЛИЙН ХАЛААЛТЫН ЗУУХЫГ ШИНЭЧЛЭХЭЭР ЯРИЛЦЛАА

2025.08.08

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нийслэлийн гэр хорооллын сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны байр зэргийг дулаанаар хангадаг 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухуудыг шинэчлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд хотын төвтэй ойр, бохирдол ихээр ялгаруулдаг 54 байршлын зуухыг шинэчлэх ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2025.08.08/ Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, БОУАӨЯ, Бороо гоулд ХХК, Ану Сервис ХХК, Юнигаз ХХК-тай хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтад Ажлын албаны дарга С.Даваасүрэн, Бороо гоулд ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Т.Мөнхзул, Ану Сервис ХХК-ийн захирал Б.Инжиннаш, Юнигаз ХХК-ийн Төслийн хэлтсийн менежер Д.Ундармаа нарын албаныхан оролцов.

Уулзалтын эхэнд Ажлын албаны дарга С.Даваасүрэн айл өрхийн түлш, аж ахуйн нэгжүүдийн халаалтын зуухыг шинэчлэх чиглэлээр хийж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөв. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахаар “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-г байгуулсан хувийн хэвшлүүдийн нэг нь Бороо гоулд ХХК гэдгийг дурдаж, тус компанийн татварт ногдох орлогын нэг хувийн санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн 17, 57 дугаар сургуулийн халаалтын зуухыг шинэчлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.

Тус сургуулиудын халаалтын зуухыг эзэмшигч Ану Сервис ХХК хийн халаалтын Юнигаз ХХК-тай хамтран өнгөрсөн жил 107 дугаар сургуулийн зуухыг буулгаж, хийн түлшинд шилжүүлсэн байна. Төсөл нь амжилттай хэрэгжсэнээр тус хоёр компани одоо өөрсдийн хөрөнгөөр нийслэлийн гурван сургууль, нэг цэцэрлэгийн халаалтыг хийн түлшинд шилжүүлэх ажлаа эхэлжээ. Энэ төслөө өргөжүүлэн Бороо гоулд ХХК-ийн татварт ногдох орлогын нэг хувийн санхүүжилтээр нэмж хоёр сургуулийн нүүрсний хэрэглээг халахаар хамтын ажиллагааг эхлүүлж байна. Бороо гоулд ХХК-ийн зүгээс Сангийн яам, Татварын алба зэрэг төрийн байгууллагаас зарим асуудлыг тодруулах шаардлагатайг хэлж, санхүүжилтийн хуваарийн талаар эргэн мэдэгдэхээр тохиролцов.

Санхүүжүүлэгч Бороо гоулд ХХК, эзэмшигч Ану Сервис ХХК, гүйцэтгэгч Юнигаз ХХК-иуд хамтарсан гэрээ байгуулж, халаалтын зуухны шинэчлэлтийг хийнэ. Харин Үндэсний хорооны Ажлын алба төрийн байгууллагуудын оролцоонд зохицуулалт хийж, ажил саатахгүй байх бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг С.Даваасүрэн дарга хэллээ.

Юнигаз ХХК нь нийслэлийн 9 сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн түлшинд шилжүүлж, жилийн 4680 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон байна. Тус компанийн хийн түлшний тоног төхөөрөмж нь том талбайг богино хугацаанд халаадаг, хий мэдрэгч дуут дохиотой, автомат хаалттай зэргээр аюулгүй ажиллагааны орчин үеийн шийдэлтэй юм байна.