Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, БОУАӨЯ-ны албан тушаалтнууд өнөөдөр /2025.04.22/ Энэтхэг улсын Элчин сайдын яамны Тамгын газрын дарга Санжийв Кумар, Канпур хот дахь Энэтхэгийн Технологийн хүрээлэнгийнгийн Тогтвортой эрчим хүчний инженерийн тэнхимийн профессор Ашиш Гарг, профессор Лалту Чандра нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг ашиглах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтад БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван, Ногоон технологи, инновацийн хэлтсийн дарга А.Чинбат, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Төмөрбат, Ш.Намхайдорж нар оролцов.
Энэтхэг улсын Элчин сайд Атул Малхари Готсурве, БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяатай уулзах үеэрээ Энэтхэг улсаас эрдэмтэн судлаачдыг урьж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан байна. Энэ дагуу агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг судлахаар Энэтхэг улсын профессорууд Монголд иржээ.