"МОНГОЛЫН ГОВИЙН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ" ФОРУМД ОРОЛЦОГЧИД САНАЛАА НЭГТГЭЖ, БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМАНД ИЛГЭЭЛЭЭ

2025.06.03

Дэлхий нийтээрээ “Байгальтай зохицсон, тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэж буй "Биологийн олон янз байдлын олон улсын өдөр"-ийг тохиолдуулан "Монголын говийн биологийн олон янз байдал" форум 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо.

Энэ удаагийн форумыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “#Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар, #Монголын ан агнуурын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Дундговь аймгийн байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Тусгай хамгаалалттай газар нутгийн дарга, мэргэжилтнүүд, аж ахуйн нэг байгууллага, ТББ-ын төлөөллүүд оролцлоо.

Форумд оролцогчид говийн бүсэд тулгамдсан асуудлаар ярилцаж, харилцан туршлага солилцон, санал хүсэлтээ нэгтгэж, төрийн бодлого шийдвэрт тусгуулахаар Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасанд гардуулан өглөө.

"Монголын говийн биологийн олон янз байдал" форумын оролцогчид биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой амьжиргааг дэмжих, ногоон эдийн засгийг хөгжүүлэхийн тулд нутгийн иргэд, нөхөрлөлүүд, төрийн болон ТББ, хувийн хэвшлийнхэн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө санал нэгдлээ.