Байгаль орчин, уур амьсгалын сайдын 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/654 дугаар тушаалаар Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Сайдын зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр /2025.08.08/ анхны хуралдаанаа хийлээ.
Хуралдааны үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд шинжлэх ухаанч хандах үүднээс сайдын зөвлөлийн гишүүдийг эрдэмтдээр бүрдүүлсэн. Сайдын зөвлөлд багтсан гишүүдийг төсвөөс цалинжуулахгүй, төрөөс олгогдох хангамж, дэмжлэгт хамруулахгүй. Гэсэн ч салбарын бодлогод хувь нэмрээ оруулахаар нэгдэж буйд талархал илэрхийлье. Цаашид салбарын хэмжээнд нэг зүгт харж тулгамдсан асуудлыг шат дараатай цэгцлэх, шинжлэх ухаанч бөгөөд ажил хэрэгчээр шийдэхийн төлөө хамтран ажиллах чухал" гэдгийг онцоллоо.
Үргэлжлүүлэн 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Талуудын 17 дугаар бага хурал (COP17) бага хурлыг зохион байгуулах хүрээнд 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хороо байгуулагдсан. Үүнд, Монгол Улс ямар санаачлага дэвшүүлж ажиллах вэ, гэдэг дээр санал санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг мөн цохон тэмдэглэлээ.