Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба нийслэлийн гэр хороололд байрлах 15-100 кВт-ын халаалтын зуухуудын технологийн шийдлийг өөрчлөн шинэчлэх ажлаа өнөөдөр /2025.05.21/ Дамбадаржаа дулааны төвөөс эхэллээ.
Ажлын албаны дарга С.Даваасүрэн, “ГазКом” компанийн ерөнхий захирал Д.Сэржбүдээ, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Ерөнхий инженер Г.Батчимэг нарын албаны хүмүүс өнөөдөр Дамбадаржаа дулааны төвд ажиллаж, халаалтын зуухыг шинэчлэх ажлыг эхлүүлэв.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах Дамбадаржаа дулааны төвд хийн бойлер суурилуулах ажлыг “Газком” ХХК хийж гүйцэтгэнэ. Тус компани Япон стандартын, зайны хяналтын системтэй, бүрэн автомат хийн бойлерийг суурилуулж, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт хүлээлгэн өгнө.
Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын харьяа Дамбадаржаа дулааны төв нь 2.8 мВт-ын хүчин чадалтай халаалтын зуухаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, орон сууцны хороолол зэрэг 13 обектын 54 гаруй мянган м/куб талбайг дулаанаар хангадаг.
Дамбадаржаа дулааны төвд бүрэн автомат хийн бойлер суурилуулснаар жилийн 2400 тонн түүхий нүүрсний хэрэглээг халж, агаар орчны бохирдол буурах юм.